Мөнххаан сумын Соёлын төвийн номын санч ашиглагдахгүй болсон хөргөгчийг номын сан болгожээ. Тодруулбал, эвдэрсэн хөргөгчийг хүүхдийн анхаарал сонирхлыг татахуйц өнгө загвартай болгон засварлаж дотор нь номоо байрлуулан явуулын номын сан хэлбэрээр ашиглаж эхэлсэн байна.
Номын сангийн анхны аялал сумын дотуур байрнаас эхэлжээ. Энэ номын санд танин мэдэхүйн, түүх соёлын, уран зохиолын, үлгэрийн гээд хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон бүхий л номнууд бий. Тийм ч учраас дотуур байрны сурагчид номын сангаар маш идэвхтэй үйлчлүүлж байгаа аж.
Хөргөгчөө соёлын төвийнхөө зарим хүмүүстэй хамтран будаж засварласан. Хүүхдүүдэд зүгээр хэдэн ном аваачиж өгөөд унш гэх, тэдний анхаарлыг татахуйц шинэлэг хэлбэрээр номоо түгээх хоёр маш их ялгаатай гэдгийг би үүгээр мэдэрсэн. Ирэх онд манай сумын соёлын төвийн шинэ байр ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор явуулын номын сангийнхаа тоог нэмэгдүүлж үйлчилгээнийхээ зааланд байрлуулах, номын баяжилтаа сайжруулах гээд бодож төлөвлөсөн зүйл их байна. Манайх БСШУСЯ-ны санхүүжилт болон бусад хандив тусламжийн шугамаар номын баяжилтаа хийдэг. Одоогоор 3600 гаруй номтой гэх мэдээллийг номын санч Б.Отгонтуяа хэллээ.
Эвдэрч, хаясан хөргөгчнүүд хаа сайгүй байдаг. Харин тэднийг ийнхүү зөв ашиглаж чадвал хөрөнгө мөнгө шаардахгүй, нөгөө талаараа олны анхаарлыг татсан зүйл хийж болдгийн энгийн жишээ энэ. Ялангуяа ийм номын сан олныг хийгээд анги танхимдаа цаашлаад сум, аймаг орон нутгийнхаа олон нийтийн газар, гудамж талбайд байрлуулбал ном унших сэдэл төрүүлэх, бусдын оюунд оруулж буй том хөрөнгө оруулалтын ажил болох юм.